Улсын хэмжээнд 2026 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 496,017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 10.9 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн зөрчлийн 88.3 хувь нь Нийслэлд, 11.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 487,222 буюу 98.2 хувийг газар дээр нь, 6,364 буюу 1.3 хувийг хялбаршуулсан журмаар, 563 буюу 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 1,869 буюу 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хоёрдугаар сард зөрчил гаргасан 476,316 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 11.4 хувиар буурсан бол 19,808 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.7 хувиар өссөн.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан, шүүхээс шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авагдсан 6,628 иргэнийг хүйсийн байдлаар нь авч үзвэл 74.6 хувь нь эрэгтэй, 25.4 хувь нь эмэгтэй бөгөөд 56.7 хувь нь 26-45 насны хүмүүс байна.
Зөрчлийн хэргийн улмаас 2026 оны хоёрдугаар сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 6,6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2,08 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Хоёрдугаар сард зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай нь харьцуулахад нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5.3 хувиар, танхайрах зөрчил 46 хувиар, хүний биед халдах зөрчил 20.8 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 51.9 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 29.1 хувиар, хулгайлах зөрчил 56 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 10.5 хувиар тус тус буурчээ.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 208 бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 89.1 хувиар өссөн байна.
| Хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил өмнөх сараас 51.9 хувиар буурчээ | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.