Шууд Chart

Баянхонгор аймаг томуугийн вакциныг 100, умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг 88 хувийн хамралттай хийжээ

2026-03-04 13:00:55

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүсийн 21 аймагт ажиллах томилолт 10 дахь аймагтаа үргэлжилж, өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагва-Очир дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Баянхонгор аймаг 2025 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бодлогын түвшинд онцгойлон анхаарч ажилласны үр дүнд дархлаажуулалтын хамралтыг өндөр түвшинд хүргэжээ. Тодруулбал, томуугийн вакциныг 100 хувийн хамралттай, умайн хүзүүний хавдраас сэргийлэх HPV (хүний хөхөнцөр вирусийн эсрэг) вакциныг 88 хувийн хамралттай хийсэн нь орон нутгийн сайн туршлага болж байгааг онцоллоо.

Мөн аймагт байгуулагдаж буй Баруун бүсийн Наркологийн төвийн үйл ажиллагааг улсын хэмжээнд жишиг төв болгон хөгжүүлэхэд салбарын яамнаас онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Баянхонгор аймгийн 88 мянга орчим хүн амд эрүүл мэндийн салбарын 1400 орчим эмч, ажилтан эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Аймгийн хүн амын дундаж наслалт 2024 онд 72.32 болж, өмнөх оноос 0.27 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.38 жил, эрэгтэйчүүдийнх 69.09 жил байгаа бөгөөд хүйсийн дундаж наслалтын зөрүү 5.29 жил байна.

2024 онд тус аймагт бүртгэгдсэн нийт нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл болон бусад халдварт бус өвчлөл эзэлж байна. Тэр дундаа зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бол хавдрын шалтгаант нас баралт удаах байрт эрэмбэлэгджээ.

Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн зонхилох шалтгаанд:

• Амьсгалын тогтолцооны өвчин
• Зүрх судасны өвчин
• Хоол боловсруулах эрхтний өвчин
• Осол гэмтэл
• Халдварт өвчин зэрэг өвчлөлүүд багтаж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүсийн орон нутаг дахь томилолт үргэлжилж, салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан ажиллах юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Баянхонгор аймаг томуугийн вакциныг 100, умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг 88 хувийн хамралттай хийжээ   
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй