Шууд Chart

Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна

2026-03-05 16:00:04

Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн.

Ингэснээр жолооч нар галт тэрэг өнгөрөхийг хүлээж саатдаг байсан хүндрэлийг шийдвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрджээ. Тус нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрч байгаа нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлж байна.

Төслийн хүрээнд авто зам төдийгүй инженерийн дэд бүтцийн цогц шийдлийг гүйцэтгэсэн нь онцлог юм. Тухайлбал, 16,000 м.кв талбайд ногоон байгууламж байгуулж, 2,900 метр урт гэрэлтүүлгийн кабель татсанаас гадна 400 кВА хүчин чадалтай дэд станцыг угсарч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр борооны ус зайлуулах насос станц найдвартай эрчим хүчээр тэжээгдэж, хаврын шар усны үер болон зуны аадар борооны үед нүхэн гарц усанд автах эрсдэлээс бүрэн сэргийлэх юм. Ус хуримтлагдсан тохиолдолд насосны систем автоматаар ажиллаж, усыг шуурхай зайлуулах ухаалаг шийдлийг нэвтрүүлжээ.

Авто замаас гадна иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах 90 метр урт, 8 метр өндөр явган хүний гүүрэн гарцыг төлөвлөсөн. Гурван орцтой, долоон тулгууртай уг байгууламжийн барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор тулгуурын ажил хийгдэж байна. Тус гүүрэн гарцыг ирэх 2026 оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэсэн бөгөөд нийт ажиллах хүчний 60 гаруй хувийг монгол инженер, техникийн ажилтнууд бүрдүүлсэн байна. 


Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй