Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Хэнтий аймагт ажиллалаа.
Тэрбээр усалгаатай газар тариалангийн асуудлаар Хэрлэн сумын ногоочид, тариаланчид, аймаг орон нутгийн удирдлага, Дулааны талын 700 га-гийн услалтын системийн төслийн нэгж, гүйцэтгэгч компанитай нэгдсэн уулзалт хийв.
Мөн энэ үеэр тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ салбарын яамны газар хаврын тариалан эрхлэлтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн талуудын мэдээлэлтэй танилцсаны дараа “Жинсийн орой” ХХК-ийн удирдлагад гэрээний хугацааг дахин сунгах боломжгүйг тэмдэглээд Зүүн бүсийн иргэдийг эх орны эрүүл хүнсний ногоогоор хангах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий уг төслийг дахин сунгасан гэрээний хугацаанд буюу 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгч, иргэд, тариаланчдын эрх ашгийг хангахыг үүрэг болгов.
Мөн цаашид услалтын системийг сум, орон нутаг хариуцаж бүрэн хүчин чадлаар нь ашиглах зорилгоор орон нутгийн зүгээс хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх, үйлчилгээний төлбөрийн тарифийг батлуулах ашиглалт үйлчилгээний зардлыг зохих журмын дагуу батлуулж байх, Төсөл хэрэгжүүлэх нэгж сум, иргэд хамтран үргэлжүүлэн ажиллаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэж ажиллах зэргийг холбогдох албаныханд чиглэл болгов.
Эргэн сануулахад, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус төслийн барилга угсралтын явцтай танилцаж, хариуцлагагүй ажиллаж буй гүйцэтгэгч компанид хатуу шаардлага тавьж ажиллан, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж, төслийг яаралтай ашиглалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон юм.
Төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Хэнтий аймгийн Засаг дарга нар 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Дулааны талын услалтын системийн барилга угсралтын ажлыг гэрээний хугацаанд дуусгахыг үүрэг болгов | ||
| Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.