Шууд Chart

Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй

2026-03-10 17:08:37

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.

Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусган, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр (цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэх) төлөвлөсөн.

Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлсэн.

Дээрх чиглэлийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй байна. Иймд Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна.

 Эх сурвалж: БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ


Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй