Шууд Chart

ӨНӨӨДӨР: Жузеппе Вердигийн “Риголетто” дуурь тайзнаа анх удаа тавигджээ

2026-03-11 07:14:37

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 11 нь Григорийн тооллын жилийн 70 дахь өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 23-ны өдөр тохиож байна. Наран 07:14 цагт мандаж, 18:51 цагт жаргана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.


Эрт үе ба дундад зуун

222: Ромын эзэн хаан Элагабалусыг эхийнх нь хамт хороожээ. Босогчид тэдний цогцсыг Ром хотын гудамжаар чирч, Тибер мөрөнд хаясан гэдэг.

1708: Английн хатан хаан Анна Шотландын цэргийн байгууллагыг шинэчлэх хуульд гарын үсэг зуржээ.

1784: Мангалорын гэрээнд гарын үсэг зурснаар Англи болон Мисорын эзэнт гүрний хооронд өрнөсөн хоёрдугаар дайн албан ёсоор өндөрлөв.


XIX зууны үйл явдлууд

1824: Америкийн Нэгдсэн Улсын Дайны асуудал хариуцсан яам Уугуул америкчуудын харилцааны хороог байгуулжээ.

1851: Италийн алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн “Риголетто” дуурь Венец хотын тайзнаа анх удаа тавигджээ.

1861: Америкийн иргэний дайны үеэр Холбоот улсуудын үндсэн хууль батлагдав.

1864: Английн Шеффилд хотод үер бууж 238 хүн амиа алджээ.

1872: Их Британийн хамгийн том нүүрсний уурхайг байгуулах ажил Өмнөд Уэльст эхэлжээ.

1879: Рюүкюүгийн хаант улсын хаан Шо Тай эрх мэдлээсээ татгалзаж, тус улс Японы захиргаанд шилжжээ.


XX зууны үйл явдлууд

1913: Хаант Оросын Гадаад явдлын сайд Сергей Сазонов Монголын төлөөлөгчдийг Санкт-Петербург хотноо хүлээн авч уулзжээ.

1917: Дэлхийн нэгдүгээр дайны үеэр генерал Стэнли Моадын удирдсан Англи-Энэтхэгийн цэрэг Багдад хотыг эзлэн авав.

1918: Испани ханиадны анхны тохиолдол бүртгэгдсэн гэж үздэг.

1941: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт холбоотон орнуудад зэвсэг, техник нийлүүлэх “Ленд-лиз”-ийн тухай хуульд гарын үсэг зурав.

1977: АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах нэгэн барилгад Ханафи хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд 130 гаруй хүнийг барьцаалсан хэрэг гарчээ.

1978: Палестины Фатах бүлэглэл Израилийн автобус руу халдлага үйлдсэний улмаас 37 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархаджээ.

1990: Литва улс Зөвлөлт Холбоот Улсаас албан ёсоор тусгаар тогтнолоо зарлав.


Орчин үе

2007: Абхазын Кодори хөндийд ОХУ-ын нисдэг тэрэг нэвтэрсэнтэй холбогдуулан Гүрж улс ОХУ-д шаардлага хүргүүлжээ.

2009: Германы Винненден хотын сургуульд буудалцаан болж 16 хүн амиа алджээ.

2010: Чили улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

2011: Японы Сендай хотын орчимд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт, цунами болж, Фүкүшима Дайичи цөмийн цахилгаан станц ноцтой осолд оржээ.

2012: Афганистаны Кандагар мужийн Панжвай дүүрэгт Америкийн цэрэг гал нээсний улмаас 16 энгийн иргэн амиа алджээ.

2016: Бразилийн Сан Паулу хотод аадар борооны улмаас үер болж, 21 хүн амиа алдсан байна.

2020: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Ковид-19" халдварыг албан ёсоор цар тахал гэж зарлав.

2021: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан 1.9 их наяд ам.долларын эдийн засгийг дэмжих багц хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.


ӨНӨӨДӨР: Жузеппе Вердигийн “Риголетто” дуурь тайзнаа анх удаа тавигджээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй