Шууд Chart

Газрын тосны үнийн өсөлт олон улсын эдийн засагт дарамт үүсгэж байна

2026-03-12 07:38:34

Өчигдрийн байдлаар /2026.03.11/ Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн газрын тосны зах зээл огцом хэлбэлзсэн.

АНУ, Израилийн үйл ажиллагаа нь Ормузын хоолой дахь тээвэрлэлтийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж, олон улсын нефтийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөв. Газрын тосны үнэ өмнөх өдрүүдтэй харьцуулахад огцом өсөж, АНУ-ын нефть 86 орчим ам.доллар/баррель хүрсэн бол Brent нефтийн үнэ 119 орчим ам.доллар/баррель болж өсжээ.

Газрын тосны нийлүүлэлтэд үүссэн доголдолтой холбоотойгоор олон улсын эрчим хүчний агентлагаас стратегийн нөөцөөс 400 сая баррель нефть зах зээлд гаргах санаачилга гаргасан. Энэ арга хэмжээ дэлхийн зах зээлд үүссэн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах зорилготой юм. Газрын тосны үнэ WTI болон Brent-ийн хувьд 88–90 ам.доллар/баррель орчим хэлбэлзэж, худалдааны үеийн өгөөж илэрчээ.

Шинжээчдийн дүгнэлтээр энэ нөхцөл байдал нь суурь нийлүүлэлт, геополитикийн эрсдэлтэй холбоотой тул нефтийн үнэ урт хугацаанд өндөр хэвээр байх магадлалтай. Мөн мөргөлдөөн улам даамжирвал газрын тосны үнэ 200 ам.доллар/баррель хүртэл өсөх эрсдэлтэй гэж үзэж байна.

Газрын тосны үнийн өсөлт нь олон улсын эдийн засагт шууд нөлөөлж, инфляцын дарамт нэмэгдэж, төв банкнуудын бодлого, хүүгийн шийдвэрт нөлөөлөв. Зарим улс газрын тосны тээвэрлэлтийн доголдолд урьдчилан бэлтгэл хийж хэрэглээг зохицуулах арга хэмжээ авч, хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө рүү шилжиж, долларын үнэ нэмэгдэх хандлага ажиглагдав.

2026 оны гуравдугаар сарын 11–нээс 12-нд Ираны олон хошуут пуужин, дрон ашигласан Израиль руу довтолгоо, АНУ Ормузын хоолойд Ираны мин тавих завинуудыг устгах, Персийн булангийн далайн дронуудын халдлага зэрэг цэргийн үйл явдал өрнөж, Иран АНУ, Израилийн банк, эдийн засгийн байгууламжийг бүс нутагт онилохоо мэдэгдсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайн удахгүй дуусаж магадгүй гэж мэдэгдсэн бол ОХУ бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэв.


Тайлбар: WTI болон Brent нефть нь дэлхийн газрын тосны зах зээлд үнэ тогтоох стандартын нефть юм. WTI нь АНУ-ын газрын тосны стандарт, Brent нь Их Британи, Норвегийн тэнгисийн орчмын холимог нефтийг илэрхийлдэг. Brent нефтийг олон орон дэлхийн зах зээлд үнэ тогтоох гол стандарт болгон ашигладаг бөгөөд хөнгөн, хангалттай тослогтой тул боловсруулалт хийхэд тохиромжтой.


Газрын тосны үнийн өсөлт олон улсын эдийн засагт дарамт үүсгэж байна  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй