Шууд Chart

Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов

2026-03-12 09:06:43

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2026 оны нэгдүгээр улирлын хурал болж, хүний эрхийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов.

Хурлыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нээж, Комиссын 2026 оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хоёрдугаар улиралд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХЭҮК-ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир танилцууллаа.

Мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн боловсруулалтын явцын талаар Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир мэдээлэл өгч, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцов.

Хурлын үеэр дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

Үүнд: Хүний эрхийн асуудлаарх судалгааны ажилд хамтран оролцох, хуулийн төсөлд санал, зөвлөмж өгөх;

 Хүний эрхийн тулгамдсан асуудлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;

 Хүний эрхийн боловсрол, мэдлэгийг түгээх чиглэлээр хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэх;

 Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар хамтарсан хяналт, шалгалт зохион байгуулах;

Эмэгтэй бизнес эрхлэгчид, уур амьсгалын өөрчлөлт, шилжин суурьшигчдын асуудлаар судалгаа хийх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болов.  

Мөн Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн “Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын тэргүүн М.Болормаа “Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал”, “Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь “Монгол Улс дахь бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Энэ үеэр Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Чинзориг, ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Э.Энхмаа нарын хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын “Жуух бичиг”-ээр шагнаж, зөвлөлийн гишүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын 25 жилийн ойн талархал гардуулав гэж ХЭҮК-оос мэдээллээ. 


Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй