Шууд Chart

Ойрхи Дорнодын мөргөлдөөн: Дэлхийн улс орнуудын байр суурь

2026-03-13 09:02:54

Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөний талаар дэлхийн улс орнууд өөр өөр байр суурь баримталж байна. Турк нь бүс нутгийг хамарч болзошгүй энэ мөргөлдөөн удаан үргэлжлэхгүй байх ёстойг онцолж, цэргийн аргаас өмнө дипломат аргыг эрэмбэлнэ гэж мэдэгдэв. АНУ‑Израилийн үйлдлийг шүүмжилдэг ч Вашингтоны харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байна. Энэ нь Туркийн ОХУ, НАТО болон Ирантай харилцаандаа тэнцвэртэй хандах бодлоготой холбоотой юм.

ОХУ энэхүү мөргөлдөөн нь олон улсын эрх зүйн зарчмыг зөрчсөн, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна гэж тодорхойлж, цэргийн аргаас илүү дипломат хэлэлцээнд тулгуурласан шийдэл шаардлагатайг уриалжээ. Москва Ирантай стратегийн түншлэлтэй тул үйл явдлыг хүчирхийллийн гаралтай гэж шүүмжилж, дипломат замаар зохицуулахыг дэмжиж байгаа юм.

Швецарынэрх баригчид нь АНУ‑Израилийн Иранд хийсэн довтолгоог олон улсын хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, бүх талуудыг хурцадмал байдлыг намжааж, олон улсын эрх зүй, НҮБ‑ын дүрэм журмыг чанд мөрдөхийг уриалсан.

Испани улс АНУ‑Израилийн бөмбөгдөлтийг олон улсын хууль зөрчсөн, болгоомжгүй алхам гэж нэрлэж, тухайн ажиллагаанд цэргийн баазаа ашиглуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын байр суурь нь зөвхөн геополитикийн шүүмжлэл биш, хамтарсан үйл ажиллагаанд хязгаар тавьсан бодлого болж байна.

Германы засаг захиргаа мөргөлдөөн Европ руу тархахыг болгоомжилж, Ираны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах шаардлагатайг онцолжээ. Гэхдээ Берлин Ираны эсрэг цэргийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ тодотгож, Европын бусад улс орнууд АНУ‑тай ижил байр суурьтай ч дипломат шийдэлд илүү анхаарч байна.

Финландийн хувьд НАТО‑гийн гишүүн улс тул бүс нутгийн аюулгүй байдлыг өндөр ач холбогдолтой гэж үзэж, аливаа өргөн хүрээний мөргөлдөөн Европт дамжихгүй байх үүднээс хамтарсан батлан хамгаалах, дипломат холбоог дэмжиж ажиллаж байна. Финланд олон улсын хамтын нийгэмлэгтэй уялдан цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийх бодлого баримталж байгаа нь тодорхой.

Япон улс болгоомжтой, төвийг сахисан байр суурьтай бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах шаардлагатайг онцолж, дипломат гарцыг илүүд үзэж байна. АНУ‑ын ойрын холбоотон ч Ойрхи Дорнодын тогтвортой байдал дэлхийн аюулгүй байдлын нэг хэсэг тул хариуцлагатай хандах нь чухал гэж Япон мэдэгдэв.

Хятад улс энэхүү мөргөлдөөн “хэн ч ийм байдалд хүрэх ёсгүй байсан” гэж шүүмжилж, АНУ‑ын удирдсан ажиллагааг дэмжихгүй гэдгээ олон улсын дипломат талбарт илэрхийлсэн. Гадаад хэргийн яам нь энх тайвны, дипломат байдлыг хамгаалах хэрэгтэйг онцолж байна.

Эдгээр улс орнуудын байр суурь нь АНУ‑Израилийн цэргийн ажиллагаа, Ираны хариу цохилттой холбоотой олон улсын хуулийн, дипломат, геополитикийн маргааныг тодорхой харуулж байна. Зарим нь олон улсын эрх зүйн хүрээнд мөргөлдөөн зогсоохын төлөө, зарим нь дипломат харилцааг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж, зарим нь цэргийн оролцоогоо хязгаарлах бодлого баримталж байна.


Ойрхи Дорнодын мөргөлдөөн: Дэлхийн улс орнуудын байр суурь  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй