Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн хяналт шалгалтын газар хамтран “Барилгын дулаалгын материалын чанар, стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбоод оролцож байна.
Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалын ашиглаж байна. Мөн дулаалгын хөөсөнцөр материал нь үнэ хямд, дотооддоо 100 хувь хэрэгцээг хангадаг боловч эрс тэс уур амьсгал болон орчны эрсдэлд өртөмтгий, галд тэсвэржилт муу байна” хэмээн онцоллоо. Харин Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилгын дулаалгын материалын чанар стандартаас гадна фасадын гадна өнгө, дээврийн гүйцэтгэл зэргийг төлөвлөж барилгын онцлог, насжилт, өв соёлыг хадгалж тухайлсан нэг стандарт, тогтоосон өнгөний дагуу хийх хэрэгтэй гэдгийг хэллээ.
Түүнчлэн Нийслэлийн хяналт шалгалтын газар гадна фасадтай холбоотой 183 гомдол иргэдээс ирсэн байна. Иргэдээс дулаан алдагдал ихтэй, мөөгөнцөртөж, чийгтдэг, хагарал, ан, цав үүссэн, өнгө үзэмж алдагдсан, салхинд хуурч унасан зэрэг түгээмэл гомдол ирдэг байна. Барилгын фасадын материалын насжилтыг 25-40 жил гэдэг ч бодит байдал дээр 10 жилийн дараагаас хуурч унах, дулаан алдах зэрэг асуудал үүсэж эхэлдэг байна. Мөн дулаалгын материалын чанар стандарт хангаж байхад барилгын гүйцэтгэл, угсралтын явцад алдаа гаргаснаас шалтгаалан дээрх асуудлууд үүсэх бас нэг хүчин зүйл болж буйг хэлэлцүүлэгт оролцож буй үйлдвэрлэгчид онцлов.
Иймд тус хэлэлцүүлгээр барилгын материалын салбарын хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилт, хяналтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж санал, зөвлөмж нэгтгэж холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
| “Барилгын дулаалгын материалын чанар, стандарт” хэлэлцүүлэг болж байна | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.