Шууд Chart

Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2026-03-20 12:15:16

Ус, цаг уурын анхан шатны мэдээ, мэдээлэл нь урьдчилсан мэдээний үндэс болж цасан болон шороон шуурга, үер, ган гачиг, зуд, зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс эрт сэрэмжүүлж, гамшиг тохиолдохоос өмнө арга хэмжээ авах, нийгэм-эдийн засаг, ард иргэдэд учрах хохиролыг бууруулах боломжийг олгодог.

Тус эрдэм шинжилгээний хурлаар 2026 оны Дэлхийн цаг уурын өдрийн “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя”, Дэлхийн усны өдрийн “Ус ба жендэр” гэсэн 2 сэдвийн хүрээнд үндэсний ус, цаг уурын ажиглалт мониторинг, шар шороон шуурганы эх үүсвэр, цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, усны хүртээмжийн талаар үндсэн 5 илтгэлийг хэлэлцлээ.

Өнгөрсөн 2025 онд ус цаг уурын салбар ажиглалт, боловсруулалтын системийг шинэчлэхэд онцгой анхаарч, радарын тоог нэмэх санхүүжилтыг шийдэж, агаарын бохирдлын автомат багажийг аймгийн төвүүдэд суурилуулав. Үүний зэрэгцээ шинэ үеийн өндөр хурдны HPC тооцоолох машиныг шуурхай ажилдаа нэвтрүүлж, цаг агаарын богино, дунд хугацааны прогнозыг 10 хоногоор гаргадаг болсон байна. Энэхүү үр дүнд үндэслэсэн цасан болон шороон шуурга, ган, зудын нөлөөллийн прогнозыг шинэ технологийг хөгжүүлсэн үр дүнг энэхүү хурлаар танилцуулсан юм.

Түүнчлэн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал COP17-той холбогдуулан салбарын цөлжилтийн атлас, ган болон шороон шуурганы эх үүсвэр, түүний нөлөөллийн бүсийг тогтоосон судалгааны ажлуудыг хэлэлцэх юм.

Тус хурлаас гарах үр дүн нь үндэсний ус, цаг уурын салбарын судалгаа, шинжилгээний үр дүн, технологиор дамжуулан нийгмийн сайн сайхан аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чухал ач холбогдолтой юм гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17

Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй