Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2026-03-25 18:02:57

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Товч мэдээ 

· Австралийн Холбооны Улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Тус улсад 650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж буй монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм байна.

· Засгийн газрын 2025 оны 21 дүгээр тогтоолоор Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий чиглэлийн 87.7 км салбар төмөр замын төслийг эхлүүлэхийг үүрэг болгосны дагуу барилгын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн шат Хөшигийн хөндий-Эмээлт өртөөнд холбох 40 км төмөр замыг барих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

· Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн эх үүсвэр бүхий хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн цахим санд шаардлагатай их өгөгдлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (цаашид "цахим систем" гэх)-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

· Хаваржилт хүндэрсэн аймгуудад малын тэжээл, шатахуун олгох, тээвэрлэн хүргэхэд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 

· Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын эзэмшиж буй 299 ширхэг хувьцааг 339 ширхэг болгон нэмэгдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь хувь оролцоог нэмэгдүүлэх тухай үүрэг амлалтын баримт бичигт 3асгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зуй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт зөвшөөрлөө. 


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо   
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй