Шууд Chart

Ойрхи Дорнодод мөргөлдөөн өргөжиж, бүс нутгийн дайн болох эрсдэл нэмэгдэв

2026-03-26 08:05:44

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцдаж, сүүлийн 24 цагт Иран, Израиль, АНУ болон бүс нутгийн орнуудын хооронд цэргийн ажиллагаа үргэлжилж, хохирол нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.

Израилийн өмнөд бүсийн Арад, Димона хотууд чиглэлд Ираны талаас хийсэн пуужин болон дроны довтолгоог Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем ихэнхийг устгасан ч зарим нь байндаа хүрч, 100 гаруй хүн шархадсан талаар эх сурвалжууд дурдсан байна. Димона хот нь Израилийн стратегийн ач холбогдолтой бүсэд тооцогддог тул нөхцөл байдал ноцтойд тооцогдож байна.

Үүнтэй зэрэгцэн Ираны талаас Персийн булангийн бүс дэх АНУ болон холбоотнуудын зарим объект руу дрон довтолгоо хийсэн тухай мэдээлэгдэв. Кувейт болон Йорданд байрлах цэргийн байгууламжуудыг онилсон байж болзошгүй талаар бүс нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Зарим бүсэд дэлбэрэлт болж, нисэх буудлын үйл ажиллагаа түр хугацаанд саатсан тухай мэдээлэл гарчээ.

Израилийн зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авч, Ираны пуужингийн байрлал болон командын төвүүдийг онилсон агаараас цохилтыг үргэлжлүүлсэн байна. Мөн Ливанд байрлах зэвсэгт бүлэглэлийн объектууд руу цохилт өгсөн тухай Израилийн тал мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд Израилийн армийн зүгээс олон удаагийн агаарын ажиллагаа явуулсан бөгөөд стратегийн объектуудыг онилсон гэж мэдээлжээ.

Хохирлын талаарх мэдээлэл бүрэн тодорхой болоогүй ч Ираны талаас цэргийн болон энгийн иргэд нийлсэн олон зуун хүн амь үрэгдсэн гэж мэдэгдэв. Мөн бүс нутгийн зарим оронд иргэд аюулгүй бүс рүү шилжин нүүх хөдөлгөөн нэмэгдэж, дүрвэгсдийн тоо өсөх хандлагатай байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулжээ.

АНУ-ын зүгээс бүс нутаг дахь цэргийн бэлэн байдлаа нэмэгдүүлж болзошгүй талаар мэдээлэл гарч байна. Ойрхи Дорнодод нэмэлт цэрэг байрлуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд бүс нутгийн холбоотнуудын аюулгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарласан байна. Энэ нь мөргөлдөөн өргөжих эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн мэдэгдэлдээ Ирантай хэлэлцээ хийх боломжийг үгүйсгээгүй ч цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх хувилбар нээлттэй хэвээр байгааг онцолсон байна. Харин Ираны тал АНУ болон Израилийн цохилтыг өдөөн хатгалга гэж үзэж, хариу арга хэмжээ үргэлжилнэ гэж мэдэгдэв.

Персийн булангийн зарим улс орон нөхцөл байдлыг ноцтой гэж үзэн Нэгдсэн Үндэстний Байгууллагад хандан, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлэл үүсэж байгааг анхааруулжээ. Олон улсын байгууллагууд мөргөлдөөнийг намжаах дипломат оролдлого хийж байгаа ч бодит ахиц хараахан гараагүй байна.

Сүүлийн 24 цагийн үйл явдлаас харахад мөргөлдөөн Израиль, Иран, Ливан, Персийн булангийн бүс рүү тэлж, бүс нутгийн хэмжээний хямрал болон өргөжих эрсдэл нэмэгдэж байгаа талаар шинжээчид анхааруулж байна. Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд цэргийн ажиллагаа үргэлжлэх магадлал өндөр байна.


Ойрхи Дорнодод мөргөлдөөн өргөжиж, бүс нутгийн дайн болох эрсдэл нэмэгдэв  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй