Сувилахуйн “Асаргааны баг”-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагааг өчигдөр Хавдар судлалын үндэсний төвд (ХСҮТ) зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ЭМЯ, ЭМХТ, ХСҮТ, УНТЭ, УГТЭ-ийн удирдлагууд болон Сувилахуйн албаны удирдлагууд, сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын сувилагчдын нийгэмлэгийн төлөөлөл оролцож, туслах сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, асаргаа сувилгааны чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлэв.
ЭМЯ-ны Сайдын зөвлөх Б.Дэмбэрэл арга хэмжээг нээж үг хэлсэн бол ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд болон УНТЭ-ийн ерөнхий захирал П.Анхтуяа, УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир нар мэндчилгээ дэвшүүлж, сургалтын ач холбогдол болон өөрсдийн эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд асаргааны багийн үүрэг, оролцоо хэр чухал болох талаар дурдаж, шаардлага хэрэгцээнд нийцсэн түүхэн ажлыг эхлүүлж байгааг онцлон цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд туслах сувилагчид суурилсан “Асаргааны баг”-ийн ажиллах журмын төслийг ЭМЯ-ны сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг танилцуулсан байна.
АНУ дахь Монгол сувилагчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Виржиниа мужийн Файрфакс эмнэлгийн сувилагч Г.Энхжаргал онлайнаар оролцож, Олон Улсын асаргааны багийн үйл ажиллагааны талаар туршлага хуваалцав.
Туслах сувилагчийн чадавхжуулах сургалтын батлагдсан хөтөлбөрийн хүрээнд онолын хичээл 12 цаг, дадлага хичээл 148 цагийн сургалтад суралцсан туслах сувилагч нарт “Чадавхжуулах ” гэрчилгээг гардууллаа. Суралцагчид сургалтын хугацаанд гурван эмнэлгээр тойролт хийж, асаргаа сувилгааны төрөл, өвөрмөц онцлог үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцон, ажлын байран дээр бодитой, үр дүнтэй сургалт болсон талаарх сэтгэгдлээ илэрхийлж байв.
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний суурь болсон асаргаа, сувилгааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болохоос гадна туслах сувилагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, асаргаа сувилгааг багаар иргэн төвтэй, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
| Туслах сувилагчдыг чадавхжуулна | ||
| Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.