Шууд Chart

Далайд гарцгүй орнуудын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв

2026-03-30 10:14:43

Женевт төвтэй Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 14 дүгээр бага хурал энэ сарын 25-29-ний өдрүүдэд Камерун Улсын Яаунде хотноо болж байна.

Тус бага хурлын хүрээнд Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 улсын сайд нарын хурлыг гуравдугаар сарын 25-ны өдөр даргалан зохион байгууллаа.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж буй Монгол Улсыг төлөөлж, НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа хурлыг нээж үг хэлэв.

Тэрбээр далайд гарцгүй хөгжиж буй орнуудад нийтлэг тулгарч буй худалдааны саад бэрхшээлийг даван туулах, олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, цахим шилжилт болон интеграцид нэгдэх боломжийг бүрдүүлэхэд хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Үйл ажиллагааны Авазагийн хөтөлбөр 2024-2034 оны хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Сайд нарын хуралд Дэлхийн худалдааны байгууллагын дэд захирал Жанг Шиангчен, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч П.М.Морено, Олон улсын худалдааны төвийн Бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газрын дарга Э.Оливериа Гомез, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газрын эдийн засгийн зөвлөх Жэми Маклеод, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар оролцож, байр сууриа илэрхийлэв.

Далайд гарцгүй хөгжиж буй 32 улсын 25 улсын төлөөлөл Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 14 дүгээр бага хуралд оролцож байна. Эдгээр улсын төлөөлөгчид Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд нэгдмэл байр суурь илэрхийлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хамтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Хурлын үр дүнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын хамтарсан тунхаглал баталж, Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 14 дүгээр бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгуулахаар Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн байна.


Далайд гарцгүй орнуудын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй