Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.30/ хуралдаан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, С.Бямбацогт, А.Ганбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар буюу гишүүдийн 62.5 хувийн ирцтэйгээр 09 цаг 23 минутад эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд түүнийг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.”, 12.2.1-т “Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулав.
Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа.

Тэрбээр "Миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-т заасны дагуу Улсын Их Хуралд олонхын бүлгээс нэр дэвшин, гишүүдийн 82.5 хувийн саналаар сонгогдон, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал дахь олонх болсон МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гарлаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмын дагуу миний бие төрийн тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг хангах парламентын дархлааг хадгалан хамгаалах, улс орны язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавих үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Шижир асуулт асууж, хариулт авсан.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь нь дэмжив.
Уг санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл уг албан үүргийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэхээр даалгасан талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.