Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхлийн эсрэг ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн хуралдаанд НИТХ-ын дарга А.Баяр “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг шат дараатай ажил хийнэ. Эхний ээлжид ерөнхий боловсролын сургуулийн орчинд судалгаа хийлээ. Үе тэнгийн дээрэлхэл гардаг 22 сургуультай бид хамтарч ажиллахаар болсон.
Сургуулийн удирдлагын зүгээс ч эцэг эх, асран хамгаалагчдад нь хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэсэн санал яригдаж байна. Мөн үе тэнгийн дээрэлхлийг удаа дараа үйлдэж буй сурагчийн хувийн хэрэгт энэ талаар нь тэмдэглэж үлдээдэг байх зарим саналыг дэмжиж хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна. Дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэхэд булли буюу үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийллийг хийж байсан эсэх тодорхойлолтыг хардаг болсон. Гаднын улс орнууд ч буллитэй ингэж тэмцээд эхэлсэн. Бид хатуу хариуцлага тооцож байж энэ төрлийн гэмт хэрэг багасна” гэлээ.
Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн найман дүүргийн Ерөнхий боловсролын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид оролцож шалтгаан, хор уршиг, нөлөөллийн талаар ярилцлаа. Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 22 сургуулийн 8-10 дугаар ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч хамрагдсан байна. Нийт сурагчдын 71.9 хувь нь үе тэнгийн дээрэлхлийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулжээ. Үе тэнгийн дээрэлхлийг дүүргээр авч үзвэл Багахангай дүүрэг 35.7%, Хан-Уул 33.1%, Баянзүрх 30.6%, Налайх 25%, Баянгол дүүрэг 22.9%, Сүхбаатар 20.9%, Чингэлтэй 17.2%, Сонгинохайрхан дүүрэг 15.2% эзэлж байна. Тухайлбал, Багахангай, Хан-Уул дүүргийн 3 сурагч тутмын 1 нь үе тэнгийн дээрэлхэлд өртдөг гэсэн дүн гарчээ. Үе тэнгийн дээрэлхэлд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа гэж хариулжээ. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1093 сурагчийн 2% нь 10 болон түүнээс дээш удаа, тодруулбал байнга үе тэнгийн дээрэлхэлд өртдөг байна.
Харин үе тэнгийн дээрэлхэлд өртсөн сурагчид хэнд хандахаа төдийлөн мэддэггүй бөгөөд 44.5% нь интернэтээс хайдаг, 19.7% нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд ханддаг, 17.3% гэр бүлдээ ханддаг, 11.8% нь багшдаа ханддаг, 3.4% найз, нөхдөдөө, 2.9% нь цагдаад ханддаг гэсэн байна. Үүнээс харахад үе тэнгийн дээрэлхэлд даамжрах, нуугдмал байдлаар хүрээгээ тэлэх нөхцөл бүрддэг байна. Үе тэнгийн дээрэлхэлд бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гадгах буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрээр илрэх бөгөөд дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлд өртсөн байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн цахим дээрэлхлийн хувь 35.5 байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хариуцлага тооцдог байх зэргээр сургууль бүр тухайлсан саналаа нэгтгэж, хөтөлбөрт тусгах ажилд санаачилгатай, идэвхтэй оролцохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгов.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
| А.Баяр: Ерөнхий боловсролын 22 сургуулийн ахлах ангийн 1093 хүүхдийн 2 хувь нь үе тэнгийн дээрэлхэлд байнга өртдөг судалгаа гарлаа | ||
| Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.