УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан эдийн засаг, бизнес, банк санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2026.03.31) Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Б.Түвшин нар оролцсон бөгөөд арга хэмжээг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нээж, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь нэн тэргүүний зорилт гэдгийг онцоллоо.
Уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг танилцуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн төслийг онцлов. Шинэчилсэн зохицуулалтаар танхимын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, одоогийн Үндэсний болон аймаг, нийслэлийн танхимын бүтэц дээр эдийн засгийн салбар бүрийн “Салбарын танхим”-ыг байгуулах, мөн гадаад улсад төлөөлөгчийн газар ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Салбарын танхимыг тухайн чиглэлийн 50-иас доошгүй аж ахуйн нэгж нэгдэн байгуулах боломжтой байхаар тусгасан байна.
Түүнчлэн танхимын удирдлагыг улс төрөөс ангид, бизнесийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх, төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлдэг зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр танхимд шилжүүлэх замаар хүнд суртлыг бууруулах боломж бүрдүүлэхээр тусгажээ. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд тусгай зөвшөөрлийн тоог 250-аас 205 болгон цөөрүүлж, үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаар төлөвлөсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах өөрчлөлтөөр хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эд хөрөнгө битүүмжлэх асуудлыг зөвхөн шүүхээр шийдвэрлэдэг болгох замаар өмчийн эрхийн хамгаалалтыг чангатгах талаар танилцууллаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд татварын багц хуулийн төсөл болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулж, татварын ачааллыг бууруулах бодлогын өөрчлөлтийг онцлов. Тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувь болгох, уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон бууруулах саналыг танилцуулсан бөгөөд энэ нь үндэсний үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэж байгааг дурдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөл бизнесийн орчинд тулгарч буй хүндрэл бэрхшээл, хууль эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг бодитой болгох шаардлагатай талаар санал хэлж, шинэчлэлийн механизмыг тодорхой болгохыг хүссэн юм.
Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн санал, зөвлөмжийг хуулийн төслүүдэд тусган ажиллахаа илэрхийллээ.
| Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.