Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.

Тус автомашин нь 23 метрийн гүнд живсэн байсан бөгөөд 10м урттай, 3.5м өргөнтэйгээр мөс гудамлаж, эргээс 90 метрийн зайнаас татан гаргасан байна.

Тухайн үед автомашин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, мөснүүд хэсэг хэсгээр бутарсан, мөсний зузаан 30-40 см, орзон ихтэй (мөс 1м-1.5м өндөртэй овойж ёрдоож хөлдсөн), татах автомашин аль ч талаараа очих боломжгүйгээс гадна Зил-131 автомашин хамраараа доош харсан, 10 куб хуурай түлээ ачсан, түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд автомашин живэх магадлалтай байсан учраас татан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, 6 иргэн амь насаа алдсан байна.
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж байгаа зөрчил тасрахгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн урин дулаан цаг эхэлж байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
| Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа | ||
| Үзсэн: 192 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.