2007 оноос эхлэн дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах өдөр болгон өнгөрүүлдэг.
Энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
“Аutism awareness day 2026” өдөрлөгт нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр оролцож, Монголын аутизмын холбоотой хамтран гаргаж буй үндэсний судалгааныхаа талаар танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын аутизмын холбооны НҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар олон улсын тэр дундаа Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судлан, боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах боломжтой болсон. Үндэсний хэмжээнд аутизмтай хүүхдүүдийн тоон судалгааг хийж, бодитой ажил болгоно. Мөн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, тэгш хамруулах боловсролын дэмжлэгийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг илүү хүртээмжтэй болгох, багш, мэргэжилтнүүдийг дэмжих, эцэг эх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
| Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.