Шууд Chart

АНУ НАТО-оос гарах боломжийг хэлэлцэж эхэлжээ

2026-04-09 07:54:00

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ирантай холбоотой хурцадмал байдлын дараа НАТО-оос гарах боломжийг судалж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд мэдээллээ.

Тодруулбал, АНУ-ын удирдлагууд Ирантай холбоотой цэргийн болон дипломат нөхцөл байдлын үеэр Европын холбоотнууд хангалттай дэмжлэг үзүүлээгүй гэж үзэж, НАТО-гийн үүрэг оролцоог дахин үнэлэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Доналд Трамп 2026 оны дөрөвдүгээр сарын 7-нд НАТО-гийн удирдлагуудтай холбооны цаашдын бүтэц, АНУ-ын оролцооны талаар санал солилцжээ. Үүний дараа АНУ-ын засаг захиргаа НАТО-оос гарах боломжийг судалж байгаа талаар мэдээлэл гарсан байна.

Мөн АНУ Европ дахь цэргийн байрлал, ялангуяа Герман, Испани зэрэг улс дахь цэргийн хүчний байршуулалтыг өөрчлөх хувилбаруудыг судалж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

НАТО нь 1949 онд байгуулагдсан бөгөөд АНУ тус эвслийн хамгийн том цэргийн болон санхүүгийн дэмжигч орон юм. Иймээс АНУ НАТО-оос гарах асуудал бодитоор яригдвал Европын аюулгүй байдал болон олон улсын геополитикийн тэнцвэрт байдалд томоохон өөрчлөлт авчрах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Одоогийн байдлаар АНУ НАТО-оос гарах албан ёсны шийдвэр гараагүй боловч 2026 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд гарсан мэдэгдлүүд нь энэ асуудлыг бодитойгоор хэлэлцэж эхэлснийг илтгэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ.


АНУ НАТО-оос гарах боломжийг хэлэлцэж эхэлжээ  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй