Шууд Chart

Иран: АНУ гал зогсоох эсвэл дайныг үргэлжлүүлэх хоёрын аль нэгийг сонгох ёстой

2026-04-09 11:34:48

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи дөрөвдүгээр сарын 8-ны орой олон нийтийн сүлжээгээр дамжуулан АНУ-д хандан мэдэгдэл хийж, бүс нутгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Иран, АНУ-ын хооронд гал зогсоох нөхцөл тодорхой бөгөөд хоёрдмол утгагүй. АНУ сонголт хийх ёстой — гал зогсоох уу, эсвэл Израилиар дамжуулан дайныг үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Аракчи Ливанд болсон халдлагуудыг дурдан, бүс нутагт хүчирхийлэл үргэлжилж байгааг шүүмжилж, АНУ амлалтаа биелүүлэх эсэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна гэжээ.

Тэрбээр Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифын мэдэгдлийг иш татан, Иран, АНУ болон холбоотнууд бүс нутгийн хэмжээнд гал зогсоох асуудлыг хэлэлцсэн талаар дурдсан байна.

Гэвч одоогийн байдлаар гал зогсоох талаар талуудын байр суурь нэгдсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ болон Израилийн талаас бүс нутгийн хэмжээнд бүрэн гал зогсоох тухай албан ёсны баталгаажуулалт хараахан хийгдээгүй байгаа юм.

Мөн зарим мэдээлэлд гал зогсоох асуудал тодорхой бүс нутагт хязгаарлагдсан байж болзошгүй талаар дурдсан бөгөөд талуудын тайлбар зөрүүтэй хэвээр байгаа гэжээ.

Ийнхүү Ираны тал АНУ-д сонголт хийх шаардлага тавьж буй энэ үед Ойрхи Дорнодын нөхцөл байдал эмзэг хэвээр үргэлжилж, гал зогсоох асуудал тодорхойгүй хэвээр байна.


Иран: АНУ гал зогсоох эсвэл дайныг үргэлжлүүлэх хоёрын аль нэгийг сонгох ёстой  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй