Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд болж, зургаадугаар сарын 21-нд болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд ашиглах автоматжуулсан системийг шалган баталгаажуулах ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцсон 11 албан хаагч багтжээ. Тус ажлын хэсэг сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох үүрэгтэй ажиллана.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэж, гэрчилгээ олгодог.
2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль товлон зарласан.
Нөхөн сонгууль болох 73 хэсэгт ашиглах 152 санал тоолох төхөөрөмж болон холбогдох техник хэрэгслийг ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох юм.
| СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа | ||
| Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.