Халим бол дэлхийн хамгийн том амьтдын нэг боловч ихэнхдээ маш жижиг амьтад, загасаар хооллодог. Гэхдээ тэдний ан хийх арга барил нь асар сонирхолтой бөгөөд заримдаа хамтран ажиллаж, нарийн стратеги ашигладаг байна.
Жишээлбэл, бөгтөр халимнууд загас барихдаа “хөөсөн тор” гэх онцгой аргыг ашигладаг. Тэд эхлээд загасны сүргийг олж, доороос нь тойрон сэлж эхэлдэг. Дараа нь усанд хөөс гарган тойрог үүсгэснээр загаснууд айж, төв хэсэгт бөөгнөрдөг байна. Ингэсний дараа халимнууд доороос нь ам нээн дээш гарч, бөөгнөрсөн загасыг нэг дор залгидаг аж. Зарим тохиолдолд хэд хэдэн халим хамтран ан хийж, ээлжлэн тойрог үүсгэн илүү үр дүнтэй барьдаг гэнэ.
Харин дэлхийн хамгийн том амьтан болох хөх халим огт өөр аргаар хооллодог. Хөх халим жижиг хавч хэлбэрт амьтан болох крийлээр хооллодог бөгөөд ам нээн их хэмжээний ус залгиж, дараа нь усыг шахаж гарган крийлийг шүүн үлдээдэг. Хөх халимны аманд шүд байдаггүй, харин шүүлтүүр шиг үүрэгтэй бален хэмээх ялтас байдаг бөгөөд энэ нь хоолыг барьж үлдээхэд тусалдаг байна.
Судлаачдын мэдээлснээр хөх халим өдөрт хэдэн тонн крийл идэж чаддаг бөгөөд нэг удаа ам нээхэд асар их хэмжээний ус, хоолыг хамтад нь сорж чаддаг аж.
Зарим халим ан хийхдээ дуу авиа ашиглах нь ч бий. Тэд усанд чичиргээ үүсгэж, загасыг айлгаж бөөгнөрүүлэх замаар амархан барьдаг байна. Мөн халимнууд ганцаараа ан хийхээс гадна бүлгээрээ хамтран ан хийх тохиолдол олон байдаг нь тэднийг ухаалаг амьтан болохыг харуулдаг гэж судлаачид үздэг.
Асар том биетэй ч маш жижиг амьтад иддэг, заримдаа хамтран стратеги боловсруулж ан хийдэг зэрэг нь халимыг дэлхийн хамгийн сонирхолтой амьтдын нэг болгож байна. Далайн гүнд амьдардаг энэ аварга амьтдын зан төлөвийг эрдэмтэд одоо ч судалсаар байгаа бөгөөд шинэ сонирхолтой баримтууд байнга илэрсээр байна.
| Халимны гайхалтай стратеги | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.