АНУ-Ираны хооронд гал зогсоох тохиролцоо хийгдсэний дараа Израил Ливанд цохилт өгсөн тухай мэдээлэл олон улсын анхаарлыг татаж, улс орнууд байр сууриа илэрхийлж эхэллээ.
Ливаны иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр Израилын довтолгооны улмаас олон хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархадсан талаар мэдээлсэн байна. Цохилт Бейрут хот, Бекаа хөндий болон өмнөд Ливаны хэд хэдэн бүсэд болсон бөгөөд орон сууц, дэд бүтцийн байгууламжууд эвдэрч, олон иргэн орон гэрээ орхиход хүрчээ.
Израилын армийн зүгээс Ливанд байрлах зэвсэгт бүлэглэлүүдийн объектуудыг онилсон гэж мэдэгдсэн бол НҮБ болон олон улсын байгууллагууд иргэдийн хохирол нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Зарим албаныхан иргэдийн хохирлыг “ноцтой” гэж тодорхойлж, мөргөлдөөнийг намжаах дипломат алхам хийхийг уриалжээ.
АНУ болон Ираны хооронд байгуулсан гал зогсоох тохиролцоо нь Ливанд хамаарахгүй гэж Израилын тал мэдэгдсэн байна. Израилын удирдлагууд Ливанд явуулж буй ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. АНУ-ын албаныхан ч мөн Ливан дахь нөхцөл байдлыг тусдаа асуудал гэж тайлбарласан байна.
Цохилтын дараа Ливанд нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа бөгөөд олон мянган хүн аюулгүй бүс рүү шилжин нүүж эхэлжээ. Дэд бүтэц эвдэрч, эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа талаар мэдээлэгдсэн байна.
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар АНУ-Ираны хооронд гал зогсоох тохиролцоо байгуулагдсан ч Ливан дахь мөргөлдөөн үргэлжилж байгаа нь Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгааг харуулж байна. Мөн энэ нөхцөл байдал цаашид бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулжээ.
| Израилийн Ливанд өгсөн цохилтын дараа олон улс байр сууриа илэрхийллээ | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.