“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа.
Ингэснээр төслийн бүтээн байгуулалт эрчимжих үндсэн суурь нөхцөл бүрдэж байна.
Тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Хүчин чадлын хувьд цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй ба уг станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.
Нийслэлээс дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хүрээнд бонд гаргаж, энэ нь 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200 мянган ширхэгийг олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн. Ингэснээр 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.
| Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн трасст өртсөн 26 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ | ||
| Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.