Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.09) Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, Б.Баярбаатар нар өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, нээлттэй, хараат бус үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино гэж төсөл санаачлагч тодотгосон юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2023 онд гаргасан тоон мэдээллээс үзэхэд, төрийн өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газар 17 байгаа аж. “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компани хэлбэрээр байгуулна.” гэж Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан бөгөөд төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох хуулийн зарчимтайг УИХ-ын гишүүн П.Сайнзориг дурдав. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль нь Иргэний хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдөж, хууль хоорондын хийдэл үүсэж байгаагаас улбаалан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд болон хувийн хэвшлийн хуулийн этгээдэд ялгамжтай, тэгш бус хандах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчит компаниас гадна аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоотой, эсхүл улсын төсвөөс санхүүждэг төсөвт үйлдвэрийн газрууд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжгүй болж, цаашлаад төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх, алдагдалд ороход хүрчээ. Иймд эдгээр үйлдвэрийн газрыг зохицуулах эрх зүйн орчныг тодорхой болгож, компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх хуулийн зохицуулалтыг бий болгох нь нэн чухал гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг онцоллоо.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах суурь тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам болно гэдгийг тодотгов. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг хэллээ.
| Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв | ||
| Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.