Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Солонгос-Монголын хамтын ажиллагааны төв, Сөүлийн үндэсний их сургууль болон ШУТИС-ийн Хот төлөвлөлтийн тэнхим хамтран “S-QUAD” төслийн хүрээнд “Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотыг тогтвортой, аюулгүй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд хот байгуулалтын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, хотод хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүдийг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлыг ярилцаж шийдвэрлэх гарц боломжийг тодорхойлж байна.
Хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Д.Алтанзул үг хэлэв. Мөн нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ж.Болортуяа “Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны бодлого, эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга хийсэн бол Хот байгуулалт, хотын стандартын газраас орон сууцны бодлогын шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Сөүлийн үндэсний их сургуулийн профессор И Ин Гын “S-QUAD төсөл ба орон сууцны бодлогын ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, БНСУ-ын туршлагыг хуваалцлаа. Түүнчлэн Ёнсэй их сургуулийн профессор Чинь Хи Сон Сөүл хотын орон сууцны бодлогын шинэчлэл, өндөр нягтаршилд суурилсан дахин төлөвлөлтийн механизм болон санхүүжилтийн загварын талаар танилцуулсан юм.
Хэлэлцүүлэгт Монголын талаас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Орон сууцны бодлогын газар, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК, НЗХГ, Бодлогын судалгаа шинжилгээний төв зэрэг байгууллага оролцож байна. Харин БНСУ-ын талаас Сөүлийн үндэсний их сургууль, Seoul Housing & Communities Corporation-ийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
“Улаанбаатар-Сөүл” хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 10-нд нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган, дахин барих төслүүдийг танилцуулна.





| “Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг эхний өдрөө үргэлжилж байна | ||
| Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.