Шууд Chart

Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно

2026-04-10 09:07:24

“Туул-1” коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23 дугаар коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх онцгой ач холбогдол бүхий шугам юм.

Улаанбаатар хотын бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Иймээс Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж чадаагүй олон жил болсон. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны намраас эхлүүлсэн бөгөөд зөвхөн дулааны улиралд хийдэг гэх ажлыг улирал харгалзахгүйгээр үргэлжлүүлж байна.

2025 оны намар УСУГ-аас ажлын зургийн өөрчлөлт батлагдсан даруйд долоон бригад 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохих хугацаанд ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү шинэ бохирын шугам өргөтгөл нь Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртэй. Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх ачааллыг хуваалцах үүрэгтэй. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал хотод үүснэ. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлог.

“Туул-1” коллекторын трасс дагууд 79 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөн. Өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлсөн. “Туул-1” коллекторын 3, 4 дүгээр хэсгийн Ф1200-1500 мм-ийн голчтой шугамаас угсралт хийгдээгүй 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно. Шугамын ажил гүйцэтгэлтэй холбоотой газар чөлөөлөлтийг энэ оны II, III улиралд зохион байгуулж шугам угсралтын ажлыг богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ. Иймээс иргэд, ААН, байгууллагуудыг “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлын явцын талаарх мэдээллийг бүрэн авч, хамтран ажиллахыг уриалж байна.


Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй