Шууд Chart

“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна

2026-04-10 10:16:31

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.

Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:

  • Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
  • Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
  • Давхар вакум шилний оронд дан шилтэй
  • Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
  • Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй

Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.

Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.


“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй