Шууд Chart

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн асуудлыг дэд хороо хэлэлцэв

2026-04-14 08:16:08

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Тус байгууллага 2016 оноос хойш өөрийн орлогоор үйл ажиллагаагаа санхүүжих бүтэцтэй болсон бөгөөд гарааны бизнесүүдийг бойжуулах, мэдээллийн технологийн салбарыг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд салбарын бодлого, хууль хэрэгжилт, ялангуяа виртуал бүсийн үйл ажиллагаа доголдолтой байгааг танилцуулгад дурдав.

9000 м.кв талбай бүхий барилгын гуравны нэгийг 14 жилийн турш кино театрын зориулалтаар бага түрээсээр ашиглуулж ирсэн асуудал үүсэж, уг талбайг өнгөрсөн оны сүүлчээр чөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гарч, 791 сая төгрөгийн төлбөрийн маргаан үүссэн бөгөөд байгууллагын данс битүүмжлэгдэж, үйл ажиллагаа зогсох эрсдэлд хүрчээ. Данс нээгдсэн ч санхүүгийн дарамт хэвээр байгааг мэдээлсэн.

Тус төвд одоогоор 40 орчим технологийн компани, 450 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд цахилгаан, дулааны тасалдал үүсэхэд зөвхөн байгууллагын бус, төрийн цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсэж байгааг онцлов. Энэ нь өдөр тутам цахимаар үйлчилгээ авч буй иргэдийн өргөн хүрээг хамарч байгааг хэллээ.

Холбогдох байгууллагын зүгээс тус паркийг судалгаа, бизнес хөгжүүлэлтийн төв болгон өөрчлөн зохион байгуулах санал боловсруулж, хууль эрх зүйн түвшинд хэлэлцүүлж буйг танилцуулсан. Гишүүд асуулт, тодруулга хийж, төрийн өмчийн удирдлага, түрээсийн гэрээ, хууль хэрэгжилтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд үүсээд буй нөхцөлтэй уялдуулан шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг онцолж, дараагийн хуралдаанаар шийдвэрийн төсөл хэлэлцэхээр боллоо.


Мэдээлэл, технологийн үндэсний паркийн асуудлыг дэд хороо хэлэлцэв  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй