Шууд Chart

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

2026-04-20 14:03:18

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.20) Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 74-т “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэх хүрээнд хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа аж. 

Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд анх батлагдаж улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/12 дугаар тушаалаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үнэлгээний тайланг хийхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу тус хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох нөхцөл үүссэн тул Ажлын хэсэг хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах нь зүйтэй гэж үзжээ.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа сүүлийн жилүүдэд Улсын нисэхийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудад улсын агаарын хөлөг шинээр авч ашиглах үйл ажиллагааны цар хүрээ улам нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, тэдгээрийн чиг үүргийг хуулиар тодорхойлох, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан заах, улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх болон улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн гэж тайлбарлаж байлаа.  

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулсан байна. Тухайлбал:

-Улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон;

-Хуулийн үйлчлэлд хамаарах Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг;

-Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг;

-Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан зааж, улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх харилцааг боловсронгуй болгох зэрэг эрх зүйн зохицуулалтыг нэмж тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас онцлогтой болсон гэж үзэж байна.

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардахгүй бөгөөд улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв   
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй