Шууд Chart

Папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна

2026-04-21 13:53:17

Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинд өсвөр насныхныг идэвхтэй хамруулж буй.

Мөн хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гурван ажил төлөвлөсөн. Эхний ажил нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт юм. 2024 онд вакцинжуулалт 20 гаруй хувьтай, 2025 онд 40 гаруй хувьтай байсан. Энэ жил НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажилласны үр дүнд уг вакцинжуулалтыг нэг сар гаруйн хугацаанд 65.5 хувьд хүргээд байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Зургаадугаар сарын 1-нээс өмнө 100 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна. Үргэлжлүүлэн 2023-2025 онд вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нөхөн хамруулах ажлыг зохион байгуулна. Ингэснээр 2026 оны төгсгөлд вакцинжуулалтыг 250 хувьд хүргэхийг зорьж байна. 2007 оноос уг вирусийн эсрэг вакциныг 24 сая хүн амтай Австрали улс албан ёсоор товлолт вакцинаар тарьж эхэлсэн. 20 жилийн дараа тус улс вирусийн тархалтыг бараг зогсоож чадсан. 24 сая хүн амтай, үүний тал нь эмэгтэйчүүд гэж үзэхэд тус улсад жилд 200 хүрэхгүй папиллома вирусээс үүдэлтэй тохиолдлууд гарч байна. Вакцин тариулаагүй эсэргүүцсэн хүмүүсийг эс тооцвол тус улс вирусийн тархалтыг үндсэндээ зогсоосон. Харин Монгол Улсын хувьд 1.6 сая эмэгтэйчүүдтэй боловч жилд 250-280 хавдрын тохиолдол бүртгэгдэж байгаа нь маш өндөр тоо” гэдгийг хэллээ.

Мөн НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах төсөл, арга хэмжээг 3-4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс хеликобактерийн шинжилгээ авч, тархалтыг судална. Үүний дараа эмчилгээг эхлүүлэх юм. Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэн бууруулахад сургууль, цэцэрлэг, гэр ахуйн ариун цэврийг чанд мөрдөн сахих хэрэгтэй талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон юм.

Тэрбээр “Хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ гэр бүлийн орчинд ч тусдаа байх ёстой. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийн орчин гээд аяга таваг, халбага сэрээгээ хольж болохгүй. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нийслэлээс улсын бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангахаар төлөвлөж байна. Монгол Улсад зөвхөн 2025 онд элэгний хавдраар 1500 гаруй хүн нас барсан. Хеликобактераас үүдэлтэй ходоод, гэдэсний хавдраар жил бүр 1100 гаруй хүн нас барж байна. Үүний дараа умайн хүзүүний хавдар нас баралтыг тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд жил бүр сэргийлэх боломжтой хавдраар мянга мянгаараа нас барна гэдэг үнэхээр харамсалтай, байж болохгүй зүйл” гэв. Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа гурав дахь ажил нь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг мөн хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргах бөгөөд эхний ээлжийн үр дүнг удахгүй мэдээлнэ гэдгээ нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.

Мэдээллийн төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Дастелтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд талууд хүн амын тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр тогтвортой хамтран ажиллахаар боллоо.


Папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй