Шууд Chart

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-04-22 08:39:24

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр сарын 21-нд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буангантай уулзаж, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын боломжийн талаар хэлэлцсэн байна.

Сайд Б.Дэлгэрсайхан 2023 онд байгуулсан “Нээлттэй тэнгэр” агаарын харилцааны хэлэлцээр хоёр улсын эдийн засаг, аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо. Мөн АНУ-ын “Юнайтэд Эйрлайнс” компани 2025 оны зуны улиралд Япон Улсаар дамжин АНУ–Монголын чиглэлд хуваарьт нислэг үйлдэж, 82 мянган зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байгааг дурдсан байна. Түүнчлэн 2026 оны хуваарьт нислэгийг энэ сарын 30-наас эхлүүлэхээр бэлтгэл хангаж, холбогдох зөвшөөрлөө аваад байгааг танилцуулжээ.

Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсын аудитын шалгалтад бэлтгэхэд АНУ-аас зөвлөн туслах болон техникийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нисэх бүрэлдэхүүний сургалт, парк шинэчлэлийн чиглэлд хамтран ажиллах асуудлыг хөндсөн байна.

Төмөр замын салбарт мэргэжилтнүүдийг чадавхжуулах, АНУ-ын туршлага, стандарт, дүрэм журмыг нэвтрүүлэх, зүтгүүр болон хөдлөх бүрэлдэхүүний техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээний чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлжээ.

Мөн далайн тээврийн салбарт Монгол Улсын Далайн захиргаа “S&P Global” системийг нэвтрүүлснээр олон улсын тээврийн эрсдэлийг үнэлэх, хөлөг онгоцны хяналтыг сайжруулахад бодит үр дүн гарч байгааг салбарын сайд онцолсон байна. Энэхүү гурван жилийн хугацаатай, 200 мянган ам.долларын өртөг бүхий системийг цаашид үргэлжлүүлэн ашиглахад АНУ-ын талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ричард Л.Буанган хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй урагшлуулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй