Шууд Chart

"Судар бичгийн мэргэд" үзэсгэлэн гарна

2026-05-02 16:56:15

Үндэсний бичиг үсгийн баярын өдрөөр Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музейд "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнг нээнэ.

Маргааш буюу тавдугаар сарын 3-ны ням гарагийн 11:40 цагт Төв номын сангийн Үнэт ховор номын музейд болох Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр эл үзэсгэлэнг нээж, олон нийтийн хүртээл болгоно.

Энэ жил Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи ба Үндэсний Номын Сангийн эх үүсгэл болсон Судар бичгийн хүрээлэнгийн 105 жилийн ой тохиож буй бөгөөд эл ойн жилд зориулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас номын сангийн түүхэнд холбогдох цуврал үзэсгэлэнг гаргахаар төлөвлөсний эхнийх нь Судар бичгийн хүрээлэнгийн дэргэдэх номын санд холбогдох "Судар бичгийн мэргэд" үзэсгэлэн болж буй юм.

"Судар бичгийн мэргэд" үзэсгэлэнд хувийн номын сангаасаа 2000 номоор номын сан байгуулж, орчин цагийн номын сан, Үндэсний Номын Сангийн үүсгэлийг тавьсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны жинхэнэ гишүүд болох дарга Онход Жамьян гүн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Шарайд Жамсраны Цэвээн, Шадар билигт Бат-Очир, Хурц бичээч Дашням гүн болон Европод анх 35 монгол оюутныг суралцуулахаар авч явсан Эрдэнэбатхаан сайд, сул гишүүн Шагж гэвш, хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга болсон сул гишүүн Амар сайд, хүндэт гишүүн Сэцэн чин ван Наянт, сурвалжлагч гишүүн Эрдэнэ жонон ван Ширнэндамдин нарын хөрөг зураг, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй тэдэнд холбогдох судар ном, сурвалж бичиг, албан захидал, гар бичмэл, баримт сэлтийг дэлгэн толилуулна гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээллээ.  


"Судар бичгийн мэргэд" үзэсгэлэн гарна  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй