Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тэгш боломж хүргэх зорилгоор 500 хүүхдийг хамруулах иж бүрэн үзлэг эхэллээ

2026-05-03 09:35:05

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэгш боломж олгох зорилготой, 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын оролцоотой иж бүрэн үзлэг эхэлжээ. Энэ  удаад 500 хүүхэд үзлэгт хамрагдах юм байна.

Тус үзлэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийнх нь 7 дахь удаагийн үзлэг болж байгаагаараа онцлогтой.

Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллага санаачлан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС–Монгол Японы эмнэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байна.

Үзлэгт нийслэл болон Дундговь, Дархан,Өвөрхангай зэрэг орон нутгаас ирсэн хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг оношилгоо, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээний чиглэлийг нэг дороос үнэ төлбөргүй үзүүлж байна.

Одоогийн байдлаар 150 хүүхэд үзлэгт хамрагдаад байгаа бол нийт 500 хүүхэд хамрагдахаар бүртгүүлжээ.

Үзлэг, оношилгоо 5 дугаар сарын 2, 9, 16-ны өдрүүдэд үргэлжилж, хүүхэд бүрийн оношилгоонд тулгуурласан цаашдын эмчилгээ, сэргээн засах төлөвлөгөөг боловсруулахад чиглэж байна.

Зохион байгуулагчдын зүгээс уг үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тэгш боломж олгох, эрт илрүүлэг, оношилгооны чанарыг сайжруулах, улмаар урт хугацааны эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж байгаа аж.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тэгш боломж хүргэх зорилгоор 500 хүүхдийг хамруулах иж бүрэн үзлэг эхэллээ  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй