
Солонгос улсын Христийн шашинд итгэгчдийн ФМ-106.9 радиогоос Монгол тамирчдад тусламж үзүүлэх зорилгоор 110 ширхэг тамирчдын бэлтгэлийн цүнх, монгол хэл дээрх библи бэлэглэжээ. Энэ үйл явдал Инчёны наадам дууссаны дараа манай тамирчдыг нутаг буцахаас өмнөхөн болсон бөгөөд Монгол тамирчдын төлөөлөл Н.Тунгалаг гэгч эмэгтэй гардан авч, дурсгалын зургаа татуулсан нь олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа юм.
Наадмын үеэр Монгол Улсын тугийг буруу харуулж өлгөж, Хятадын Монгол хэмээн зарласнаас гадна тамирчдын хоолонд ёс бус зүйл хийсэн, шүүлт зохион байгуулагч орны талд хүчтэй нөлөөлөл үзүүлсэн зэрэг мэдээллүүд ар араасаа тасралтгүй цацагдаж, монголчуудын тамирчдаа өмөөрсөн эв санааны нэгдлийн уухай хэдэн өдрийн турш нүргэлсэн. Өнөө ч тасраагүй л байна.
Товчхондоо бол улс төр, эдийн засгийн асуудлуудаас илүүтэйгээр спорт гэх тавхан үсгээр монголчууд илүү нэгдэж чаддаг гэдгийг 2008 оны олимпоос хойших хугацаанд энэ удаагийн Инчёны наадам улам бататгав. Доромжлол, эсэргүүцлийн эсрэг монгол тамирчид сөрж зогсож чадлаа. Бахархал төрж байна гэх мэт санаа сэдлүүд хэн хүнийг омогшуулах нь тодорхой. Энэ бол бидний дотоод асуудал юм.
Харин дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай тамирчдын амжилтыг “байж боломгүй” гэх өнцгөөс харж, тамирчдын давхар ажил хийдэг, хувийн зардлаараа тэмцээнд оролцож буй, хагас өдрийн бэлтгэл хийдэг зэрэг “ахуй” талын баримтуудыг дэлгэн бичиж, тэр нь дэлхийг “шогшруулав”.
Энэ ч утгаараа “тусламж” гэх тодотголын дор Солонгосын Христийн сүмийн өгсөн бэлтгэлийн 110 ширхэг цүнхний асуудал хэн хүний дургүйг хүргэж, олон нийтийн цахим сүлжээгээр “Яах гэж авч байгаа юм” гэх шүүмжлэл дагуулсаар байгаа юм.
Гэвч яг үнэн чанартаа солонгосчууд манай тамирчдыг дээр дурдсан дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн “нүд”-ээр л харсан хэрэг. Гашуун ч манай тамирчид дэлхийд тийм л “ядуу” харагджээ.
Уг наадмын тамирчдын зардалд салбар яамнаас 47 сая төгрөг төсөвлөж, Монголын олимпийн хороогоор дамжуулан хуваарилалтыг нь хийлгэснээр шигшээ багийн 90 тамирчин “улс”-аар зардлаа гаргуулах эрх эдлэж, үлдсэн 140 тамирчин “хувийн зардал”-аар явсан талаар холбогдох албаныхан мэдээлж байсан.
“Хувийн зардал” гэх нэрсийн ангилалд шилдэг наймд үлдэж чадсан манай эмэгтэй сагсчдын баг багтсан бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэл хийхдээ зээл авч явсан болохыг нь тодорхой дурдав. Гэхдээ тэд унжиганаж, улсдаа хамаг буруугаа чихсэнгүй, зээлийн үнэн дүнг хэлэхээс татгалзаж, “зээлсэн” гэх битүү үгээр тамирчдын тэсвэрийг үзүүлээд л өнгөрсөн.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хамаатнуудаа дагуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцох нэрээр зугааллаа гэх шүүмжлэл мөн өрнөөд буй.
Нөгөө талд эмэгтэй сагсчдад туслах зорилгоор “Мэргэжлийн спорт хөгжлийн цогцолбор”-оос долоо хоногийн хандивын аян зарлаж, нийт 699.834 төгрөг цуглуулж амжсан бөгөөд багаараа нийлж, 14.5 сая төгрөгийн зээл авсан гэгдээд байгаа мөнгөний багахан хэсгийг олны дэмжлэгээр босгоод байгаа гэх.
Энэ нь олон нийтийн зүгээс төрийн мөнгөөр томилолт гэх нэрээр зугаалагчдын армийн эсрэг чадахаараа эсэргүүцлээ илэрхийлж буй үйлдэл мэт харагдаж байгаа юм.
Улмаар эл дуулиант өдрүүдэд Азийн наадмын шилдэг тоглогч болж, Монгол түмнээ баясгасан Т.Санчирт их аварга Д.Дагвадоржоор дамжин, Японы багт тоглох санал ирсэн гэх мэдээлэл түгж, түүнийг чухам ямар сонголт хийх бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.
Ийнхүү Монгол Улсын тамирчид маань Инчёны наадмаас эдийн засгийн хувьд асар “дорой” тул буруу шүүж, мөн тийм байдлаар зарлаж, тохуурхаж болох бөгөөд эцэс сүүлд нь бэлтгэлийн цүнх төдийхнөөр хуурчихаж болохоор ахуй байдлыг солонгосчуудад төрүүлж, дэлхий дахинаа шилдэг сайн тамирчныг нь “сугалаад” авчихаж болмоор өнцөгтэй харагдчихсан гэлтэй.
Гэвч энэ тэдний буруу биш. Тамирчны алдраар эх орныхоо нэрийг мандуулах чин хүсэл гагц тэдэнд л байгаа.
Энэ зуур ССАЖЯ-ыг өөр яамдад шингээх талаар яригдаж, Инчёнд очсон мөртлөө сагсчидтайгаа уулзалгүй буцсан Ц.Оюунгэрэл сайдын суудал ихээхэн ганхасны эцэст тогтоод байна.
Нэг яамны оршин тогтнох асуудлыг хэдхэн өдрийн дотор шүүн тунгааж, “тогтоон барьж” чадаж байгаа улс төрийн хүрээнийхэнд сайн тамирчдаа спорт гэх их далайд нь, тэр дундаа эх оронд нь тогтоох хүчийг бодлогоор дэмжих ухаан хүрэлцэх нь лавтай. Сэтгэл буй аваас...
Тамирчдаа дэмжих төрийн бодлого үгүйлэгдсээр байна | ||
Үзсэн: 3815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.