Шууд Chart

Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцлоо

2026-05-08 15:40:59

Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2026.05.08) НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзан хүүхдийн эрх, эрх чөлөөг хамгаалах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар хэрэгжүүлж буй ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулж, холбогдох яамд, цагдаа, хүний эрх, хүүхэд хамгааллын байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэлийн 9 дүүрэг, Орхон, Дархан-Уул аймгийн ЕБС-иудын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан зэрэг төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн. 

Уулзалтын үеэр тус ажлын хэсэг нь үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг иж бүрнээр үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр бодлогын болон эрх зүйн шийдлийн санал боловсруулах зорилготойгоор ажиллаж байгааг онцлов. Мөн ажлын хэсгийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх, боловсролын байгууллагын дотоод хяналт, хариуцлагын механизмыг бэхжүүлэх, цахим орчин дахь дээрэлхэлтийг зохицуулах эрх зүйн хэрэгцээг тодорхойлох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
Юун түрүүнд  сургууль бүр нөхцөл байдлаа тодорхойлж, дээрэлхэлтийн тархалтыг судалж, аюулгүй сургуулийн стандартыг хангуулах, сэтгэлзүйч ажиллуулах зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэх, шийдвэрлэх шаардлагатай гэв. Хүүхэд бүр аюулгүй, хүчирхийлэлгүй орчинд амьдарч, сурч, хөгжих, цахим болон сургуулийн орчинд дээрэлхэлт, хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн кампанит ажил чухал гэдэгт талууд санал нэгдэв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх бодлого, сургалтын агуулга, үнэлгээний аргачлалын чиглэлээр олон улсын сайн туршлага, техникийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн сургуулийн орчинд суурилсан урьдчилан сэргийлэх тогтолцоо, сурагчийн оролцоонд тулгуурласан нөлөөллийн аргачлал, цахим орчны эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг онцоллоо.

Уулзалтаар УИХ-ын Ажлын хэсэг сургуулийн орчин дахь аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр Хүүхдийн сантай хамтран үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын шийдлийг нотолгоонд суурилан боловсруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцлоо  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй