Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаад Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНЭУ нь ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсд суурилсан, оюун санааны хөрш улс орнууд бөгөөд Стратегийн түншлэлийн харилцааг байгуулаад 11 жил болж буйг тодотголоо. Тэрбээр, 2025 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Стратегийн түншлэлийн харилцаа байгуулсны 10 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д төрийн айлчлал хийх үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулахад бодитой хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийллээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвегийн зүгээс хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа тодотгоод Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон ажилтнуудын тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхааран ажиллана гэлээ.
Талууд Монгол Улсаас БНЭУ руу уул уурхай бүтээгдэхүүн тэр дундаа коксжсон нүүрс болон хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж, онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гол үр дүн болж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож, уг үйлдвэрийг ашиглалтад оруулахад талууд идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ.
| Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.