Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-экологийн сургуультай хамтран “Ургамлын эрүүл мэнд – Ургамал хамгаалал” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд агрономи болон ургамал хамгааллын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд мэргэжил сурталчлах үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, мэдлэг сорих тэмцээнүүдийг зохион байгуулав.
Энэхүү өдөрлөгт Ургамал хамгааллын газрын удирдлагууд оролцон ирээдүйн ургамал хамгааллын мэргэжилтнүүдийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийлээ. Өдөрлөгт ХААИС-ийн Агро-экологийн сургуулийн төгсөгчид оролцож ажил, мэргэжлийнхээ талаар танилцуулж, оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Түүнчлэн Ургамал хамгааллын газраас Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг тохиолдуулан “Ургамлын эрүүл мэнд Ногоон ирээдүй” мод тарих өдөрлөгийг зохион байгуулж, Тужийн нарсан ойд 100 ширхэг нарс мод тарин, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, ойн нөхөн сэргээлтийг дэмжих үйлсэд хувь нэмэр орууллаа.
Мөн хүүхэд багачуудын экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ургамал хамгааллын олон улсын конвенцоос эрхлэн гаргасан “Эрүүл ургамал – Эрүүл дэлхий” цуврал номыг түгээж, ерөнхий боловсролын 1–6 дугаар ангийн сурагчдад зориулсан “Ургамал яагаад өвддөг вэ?” сэдэвт танин мэдэхүйн сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтын үеэр ургамлын өвчин үүсэх шалтгаан, ургамлыг хамгаалах арга зам, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадлын талаар хүүхэд багачуудад ойлголт өгсөн юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ургамал хамгааллын олон улсын конвенцоос 2026 оны Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг “Ургамлын био аюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Энэхүү уриа нь ургамлыг хамгаалах асуудал зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хүрээнд бус, хүнсний чанар, хүртээмж, хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотойг онцолж байна гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.
| Ургамал хамгааллын ирээдүйн мэргэжилтнүүдэд зориулсан өдөрлөг боллоо | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.