Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нь өнөөдөр /2026.05.15/ БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, сайд Ц.Сандаг-Очир хоёр орны байгаль орчин, уур амьсгалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, СОР 17 хурлын үеэр танилцуулах “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-Газрын нэгдсэн менежмент”, “Байгальд түшиглэсэн дэд бүтэц”-ийн гурван гол санаачилгыг БНЭУ дэмжиж, өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг илгээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Мөн БНЭУ-ын ITEC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын мэргэжилтнүүдийг сэргээгдэх эрчим хүч, зайнаас тандан судлал, байгаль орчны менежментийн чиглэлээр сургалтад хамруулж ирсэнд талархал илэрхийлээд цаашид “Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын 2000 хүний нөөц, боловсон хүчнийг тус улсад суралцуулахын ач холбогдлын талаар харилцан санал солилцов.
Элчин сайд Атул Малхари Готсурвэ 2026 оны 06 дугаар сарын 1-2-нд Шинэ Дэли хотноо болох Олон улсын том муурын холбооны / IBCA/ дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, хурлын үр дүнг COP-17 арга хэмжээний үеэр танилцуулах саналтай буйгаа сайд Ц.Сандаг-Очирт уламжиллаа.
Уулзалтын төгсгөлд, Монгол Улс 2025 онд БНЭУ-ын санаачилсан IBCA элссэн ач холбогдлыг талууд онцолж, цоохор ирвэс хамгааллын талаар санал солилцон хэлэлцсэн.
Ташрамд дурдахад, БНЭУ-ын санаачилсан “Олон улсын том муурын холбоо“-нд Монгол Улс 2025 онд элссэн.
Манай улс нь дэлхийн цоохор ирвэсийн тархац нутгийн 2 дахь том популяци бөгөөд өнөөдөр Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууг дамнасан 328 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт мянга орчим тоо толгой цоохор ирвэс нутагшиж байна. гэж Байгаль Орчин Уур амьсгал Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.

| Цоохор Ирвэс хамгааллын талаар санал солилцлоо | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.