Шууд Chart

Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

2026-05-16 21:09:35

Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ өссөнтэй холбогдуулан өнөөдөр /2026.05.16/ “Хүчит шонхор” худалдааны төвд ажиллалаа. Үүний дараа тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, улс оронд хулгай, дээрэм хэрээс хэтэрч, төсөл, тендерээс гадна иргэдийн амьжиргаа, хүнсний хэрэглээнд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж шүүмжиллээ.

Тэрбээр “Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа. Үхрийн мах 40 мянган төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй. Өнгөрсөн жил 8000 орчим тонн мах нөөцөлсөн бол энэ жил 5000 орчим тонныг нөөцөлсөн. Есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийж, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлсэн. Нөөцийн махыг 386 цэгээр борлуулж байгаа” гэв.

Гэвч Ерөнхий сайдын хэлснээр, шалгалтаар зарим борлуулалтын цэгт нөөцийн мах огт ирээгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн гэх мэдээллийг дурдав.

Н.Учрал “Энэ мах хааччихав аа. Одоо бүр иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болжээ” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, Туулын хурдны замын төслийн асуудлыг эцэслэх шаардлагатайг онцолж, уг төслийн ард ашиг сонирхол үүссэн эсэхийг шалгах ёстой гэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна” гэж мэдэгдэв.

Мөн нийслэлд хэрэгжиж буй бүх төсөл, тендер, үйл ажиллагааг шалгах зорилгоор тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулах ажээ.


Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй