Шууд Chart

Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно

2026-05-17 14:16:34

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг ойжуулна.

Ойжуулах төслийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамт мод тарилаа.

 

 

Тэрбээр, мод тарьж, ургуулах нь цөлжилт, шар шороон шуурга, газрын доройтлоос сэргийлэх хамгийн сайн арга гэж үздэгээ хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа дотоод, гадаадын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдэд талархал илэрхийллээ.

Цагаан давааны 15 га талбайд 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарьж ургуулан, хогийн тоосжилтыг барих, агаар дахь хорт бодисыг шүүх ургамлан хашлага бий болгоно.

Ойн мэргэжлийн “Хамтын төгөл” ХХК нэг жил, цаашид Нийслэлийн Хот тохижилтын газар гурван жил арчилгаа, хамгаалалтыг бүрэн хариуцаж байна.

Энэ бол төвлөрсөн хогийн цэгүүдийг ногоон бүс болгох цогц ажлын эхлэл юм.

 

  Энэ хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны 50 га талбайд нийт 870 гаруй мянган навчит мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны гэсэн төвлөрсөн гурван хогийн цэг байдаг. Энд өдөрт дунджаар 3,000 орчим тн хог хаягдал ирдэг бөгөөд хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна.

Цагаан давааны 92 га талбай бүхий хогийн цэгт хотын зүүн болон төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг. Үүний 23 га талбай нь хог хаягдал хүлээн авах зориулалттай.

2020-2022 онд 10 га талбайг нөхөн сэргээж, хогийн цэгээс тусгаарлах гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашаа барьжээ.

  

Нарангийн энгэрийн хогийн цэгийг Японы буцалтгүй тусламжаар олон улсын стандартын дагуу тохижуулсан. Энд хог булшлах талбайн хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалах тусгаарлагч давхарга байгуулж, хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүсэх бохир шингэнийг зайлуулах хэвтээ хоолойн систем суурилуулсан байна.

2020-2022 онд энэ хогийн цэгийн 20 га талбайг нөхөн сэргээсэн. Мөн 2020–2025 онд “Улаанбаатар шинэчлэл” ХХК нийслэлийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.


Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй