Лувсанжамцын БАНЗРАГЧ
/1936-2026/
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсанжамцын Банзрагч нь 1936 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Улаан бургас гэдэг газар Хиад Боржигон овогт Дугаржавын Лувсанжамцын 4 дэх хүү болон мэндэлжээ. 1956 онд Театр хөгжмийн сургуулийг найруулагч мэргэжлээр, 1970 онд Марксизм Ленинизмийн оройн дээд сургуулийг төгсжээ. 1956-1959 онуудад Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, 1959-1961 онуудад Төв аймгийн Соёлын ордонд ерөнхий найруулагч, 1961 оноос 1996 онд тэтгэвэртээ гартлаа Мэдээлэл Радио Телевизийн улсын хороонд найруулагч, Монголын Радиогийн Үйлчилгээ, аж ахуй, хангамжийн албаны дарга зэрэг ажил хашиж байв. 1992-2015 онуудад Кино урлагийн “Бэрс” дээд сургууль, СУИС-ийн Радио телевизийн дээд сургуульд багшаар ажиллажээ.
Л.Банзрагч нь 1964 онд Монголын Радиогийн анхны хүүхдийн “Аз жаргалын эрэлчин” дуурийг найруулсан нь өдгөө МҮОНР–ийн алтан санд хадгалагдаж байгаа төдийгүй, 1965 оноос багачууд хүүхдийн насны онцлог, сэтгэхүйд тохирсон “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг санаачилсан нь өнөөг хүртэл Монголын радиогийн нэрийн хуудас болсон хүүхдийн нэвтрүүлгүүдийн нэг байсаар байна.
Л.Банзрагчийн найруулсан “Аргат шар үнэг дээлийн зах болсон нь”, “Ховдог хоёр бамбарууш”, “Фердээс сайн нөхөр байхгүй”, “Алтан загас”, “Цайран харагдах далбаа” зэрэг 200-аад хүүхдийн жүжиг, Ш.Сүрэнжавын “Багш”, С.Дашдооровын “Говийн өндөр”, “Алтан гадас чиг заана” зэрэг роман, туужаар радио зохиомж, “150.000” найраглал, “Хөхөө гэрлэх дөхлөө” кино, “Хярааны хонхорт” жүжиг, “Шариг Наваан”, “Бид гурав”, “Их говийн зоригтон” зэрэг гадаад, дотоодын уран зохиолоор хийсэн радио зохиомж, үлгэр, жүжиг, нэвтрүүлгүүд нь МҮОНР–ийн алтан санд хадгалагдаж байна.
Мөн 1976 онд “Микрофон ба хүн” найруулагч, нэвтрүүлэгчдийн гарын авлага хэвлүүлж байжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Л.Банзрагчийн хөдөлмөрч ажилсаг чанар, шулуун шударга, наргианч зан нь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно.
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН
КИНО ТЕЛЕВИЗ МЕДИА УРЛАГИЙН СУРГУУЛЬ
| Эмгэнэл | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.