ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтуудыг хийж эхэлсэн. Дундговь аймагт болсон уулзалтын үеэр 1990-ээд оноос өмнө байсан говийн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан байгууллагыг сэргээн байгуулах боломжтой эсэхийг олон хүн асууж, санал хэлж байв. Тухайлбал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Хүрлээ “Говийн бүсэд эрдэм шинжилгээний хүрээлэн байсан. Тэнд олон арван чадвартай эрдэмтэд, судлаачид ажилладаг байв. Бүсчилсэн хөгжлийн бодлого ярьж байгаа учраас энэ хүрээлэнг сэргээх боломж байна уу?” гэсэн асуулт тавьж байв. Мөн Дорноговь аймгаас уулзалтад оролцсон зарим төлөөлөгч говийн бүсийн хөрс ургамлыг шинжилдэг лаборатори хэрэгтэй байгааг дурдсан.
Сайдыг Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, ажилтнуудтай уулзах үеэр Дундговь аймагт байсан цөм сүргийн үржлийн төвийг сэргээн байгуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан юм.
Салбарын сайдын хувьд Дундговь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай энэ асуудлаар санал солилцжээ. Дундговь аймагт говийн бүсийн хөдөө аж ахуйн судалгаа, шинжилгээний төв байгуулах боломжтой гэдгийг аймгийн удирдлагууд илэрхийлсэн байна.
Ц.Идэрбат сайд “Говийн бүсэд ямар ургамал тариалах юм, ямар хонь үржүүлэх юм, уур амьсгалын олон жилийн дундаж ямар байна вэ, үүнтэй мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах юм гэх мэт бүх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх хэрэгтэй. Дундговь аймагт байгаа эрдэм шинжилгээний байгууллагын хөрс суурийг ашиглаад говийн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд анхаарах нь зүйтэй юм байна. Тийм шаардлага тулгарч байна” хэмээн байр суурь илэрхийлсэн юм. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
| Говийн бүсийн ХАА-н үйлдвэрийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх шаардлага тулгарч байна | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.