Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.
“Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтад аймаг, сумдын удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний 100 гаруй төлөөлөл танхимаар, 15 сумын Онцгой комиссын 218, гамшгаас хамгаалах 14 албаны 198 оролцогч цахимаар хамрагдаж байна.
Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Өнөө цагт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ, хор уршиг улам бүр нэмэгдэж, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодитоор хангах шаардлага тулгарч байна. Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, мэдээлэл солилцоо, хүч хэрэгслийн харилцан ажиллагаа, эрэн хайх, аврах ажиллагааны бэлэн байдлыг тогтмол сайжруулж, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх нь нэн чухал юм. Тиймээс энэхүү иж бүрэн сургууль нь зөвхөн дадлага сургууль бус бодит гамшгийн өмнөх бэлтгэл, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, алдаа дутагдлаа тодорхойлж, цаашдын төлөвлөлтөө боловсронгуй болгох чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь аймаг, орон нутгийн бэлэн байдлыг шалгах, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай аймагт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2000 гаруй дуудлага бүртгэгдсэн нь гамшгийн эрсдэл бодитой байгааг харуулж байна.
Иймд энэ сургуулиар Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын бүлэг болон холбогдох байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг бодитоор шалгаж, цаашид сайжруулах чиглэлээ тодорхойлох боломж бүрдэнэ гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.
Танхимын сургалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн бодлого, төлөвлөлт, гамшгаас хамгаалах эрх зүй, орон нутгийн удирдлагын чиг үүрэг, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, мал, амьтны гоц халдварт өвчин, нүүлгэн шилжүүлэлт, анхны тусламж, эрсдэлийн үнэлгээ, зарлан мэдээлэл, шуурхай штабын зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд тус аймагт нийт 422 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 33 хүн амь насаа алдаж, 66 хүн гэмтэж бэртэн, 141 мянга гаруй толгой мал хорогдож, 1072 га талбай түймэрт өртөн, 2.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Мөн 3.5 магнитудаас дээш хүчтэй 16 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бол аюул, ослын дуудлагын 42.6 хувийг төөрсөн, сураггүй болсон дуудлага, 34.8 хувийг цас, шаварт суусан дуудлага эзэлж байгаа нь орон нутгийн хэмжээнд эрэн хайх, аврах ажиллагааны чадавх, бэлэн байдлыг тогтмол сайжруулах шаардлагатайг илтгэж байгаа юм. гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.





| Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.