Шууд Chart

Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална

2026-05-21 08:27:21

Нью-Йорк хотноо энэ оны тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган буюу UNFF21-д Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нар оролцлоо.

Чуулганы үеэр Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-ыг зохион байгуулах талаар мэдээлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн болон цаашдын зорилтыг танилцуулсан байна.

Мөн Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ойн форумын 22 болон 23 дугаар чуулганыг даргалахаар сонгогджээ. Энэ нь Монгол Улс тус форумыг анх удаа даргалах хүндтэй үүрэг хүлээж буй онцлог үйл явдал боллоо.

Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргалах нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгыг олон улсын түвшинд сурталчлан таниулах чухал боломж гэж үзэж байна.

Түүнчлэн тогтвортой ойн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой юм.

НҮБ-ын Ойн форум нь дэлхийн хэмжээнд ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ойн салбарын бодлого, санхүүжилт болон олон улсын хамтын ажиллагааг хэлэлцдэг НҮБ-ын гол механизмын нэг юм.

Монгол Улс тус форумыг даргалах хугацаандаа ой, бэлчээр, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаа холбоог онцлон авч үзэж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах юм байна.


Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй