Шууд Chart

“Аймаг, сумдын ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хөдөө аж ахуйн салбарын төслүүдтэй уялдуулна

2026-05-21 09:05:45

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч М.Энх-Амар, тус нэгжийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан дэд зохицуулагч С.Батсайхан, мал аж ахуйн асуудал хариуцсан шинжээч Б.Ванчиндорж, газар тариалангийн асуудал хариуцсан шинжээч Н.Оюунсувд нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар ХХААХҮЯ болон ЭЗХЯ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн ажлын уялдаа холбоог хангах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. Энэ үеэр ЭЗХЯ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч М.Энх-Амар ASDIP буюу “Аймаг, сумдын ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн талаар мэдээлэл, танилцуулга хийв.
 
Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Европын хөрөнгө оруулалтын банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2033 он хүртэл 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
 
Уг хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, тогтвортой хөгжил бүхий, хүн амьдрахад таатай аймаг, сумын төвүүдийг бий болгох, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийн загвар шинэчлэлийг дэмжих зорилготой.
 
Хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд дэд бүтэц, хөдөө аж ахуй, агро паркийн чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний шатанд баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 34 сум хамрагдах юм байна.
 
Сайд Ц.Идэрбат энэхүү төслийг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөтөлбөрүүд болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй төслүүдтэй уялдуулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг хэлэв. Мөн төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, тухайн бүс, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
 

“Аймаг, сумдын ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хөдөө аж ахуйн салбарын төслүүдтэй уялдуулна  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй