Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотноо Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооны Европ дахь Нэгдсэн Салбар Зөвлөлийн харьяа Шведийн Монгол Шагайн Харвааны Холбооноос төрөн гарсан анхны гурван "Аймгийн гоц мэргэн"-ий мялаалга тэмцээн өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Энэхүү эрхэм цолны эзэд бол Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Дугарсүрэнгийн Болд, Завхан аймгийн Отгон сумын харьяат Дагвадоржийн Отгонбаатар болон Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Надмидын Лувсанчимэд нар байлаа.
Мялаалга тэмцээнд нийт есөн багийн 60 гаруй харваач оролцож, онч мэргэнээ сорьив.
Тус тэмцээнд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх М.Найданхүү оролцож нийт баг тамирчид болон зочдод яамныхаа хамт олны өмнөөс талархал дэвшүүлэн, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Швед дэх шагайн харвааны хамт олноос гурван "Аймгийн гоц мэргэн"-д зориулан барьсан гэнэтийн бэлэг, бичлэг зэрэг хүндэтгэл нь оролцогчдын сэтгэлд мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн үйл явдал боллоо.
Ингээд мялаалга тэмцээний дүн гарч багийн төрөлд тэргүүн байрт Д.Амаржаргал ахлагчтай “Дөл” баг, дэд байрт И.Идэр ахлагчтай “Сүлд” баг орсон бол гутгаар байрт Г.Сэлэнгэбаатар ахлагчтай “Алтангадас” баг шалгарлаа.
Харин багийн хувийн цуваа харваанд “Сүлд”, “Дөл”, “Уухай” багууд шагналт байрт орлоо.
Монгол өв соёл, үндэсний харваагаа хилийн чанадад өвлүүлэн хөгжүүлсэн бахархалт өдөрлөг амжилттай сайхан болж өндөрлөлөө гэж Скандинави дахь МҮОНРТ-ийн сурвалжлагч Р.Хишиг-Алдар мэдээллээ.


| Швед дэх Монгол шагайн харваачдаас "Аймгийн гоц мэргэн" цолтон 3 төрлөө | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.