Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "М Банк арена"-д 8 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63 кг-ын жинд "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхий болон Азийн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүллээ.
Тэрбээр финалд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2.0-ээр ялж эх нутагтаа төрийн дууллаа эгшиглүүлж, шар тивийн 6 дахь алтан медалиа гардав. Түүний хувьд ААШТ-ий хүрээнд дөрвөн тулаан хийхдээ бүх өрсөлдөгчөө илт давуу ялсан юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын гол найдваруудын нэг "Парис-2024" паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулав. Манай тамирчин аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойг 2:1-ээр ялж, эх орондоо Азийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртлээ.
Манай улсад анх удаа зохион байгуулсан ААШТ-ийг манай тамирчид пүмсэ төрөлд хоёр хүрэл, пара таеквондогийн төрөлд хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна.
Өнөөдөр Японы Аичи муж, Нагоя хотод болох Азийн наадмын эрх олгох тулаанууд болно.
| ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.